Одоогоос 90 шахам жилийн өмнө, 1934 онд анхны Рентген оношилгоог Зөвлөлтийн мэргэжилтнүүд, 1953 оноос А.А.Макаров эмчийг дагалдан мэргэжил эзэмшсэн үндэсний мэргэжилтнүүд болох эмч З.Дугар, Н.Дорж, Ш.Даш нар хийж эхэлсэн бол 1956-1959 онд Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) суралцаж ирсэн эмч нар энэ салбарыг цаашид улам бэхжүүлж, улмаар 1959 оноос Р.Пүрэв багш, 1964 оноос Т.Пүрэвжав багш нар маань Рентгений эмчийн мэргэжил олгох курсийг удирдаж эхэлснээр Радиологийн салбарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын суурь тавигджээ.
Түүхийн богинохон хугацаанд бидний ахмад үе маань Рентген-Радиологи гэсэн тухайн үеийн хамгийн шинэ салбарыг улс орныхоо эрүүл мэндийн салбарын хөрсөнд суурьшуулах гэж нөр их хөдөлмөр, сэтгэлийн хүч гаргаж байсан нь үнэхээр бахархууштай юм. Бидний ахмад үе Рентген-Радиологийн салбарыг өнөөдрийн түвшинд хүргэхийн тулд Дүрслэл оношилгооны бүх салбаруудыг эхнээс нь бүтээн бий болгож, өдий хүртэл хөгжүүлэн, бэхжүүлж, шавь нараа бэлтгэн сургаж, бүтээн туурвиж, улмаар үндэслэн бий болгосон салбарынхаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн гавьяатай юм.
Тэд 1959 онд Туяа эмчилгээний анхны кабинет, 1969 онд Ангиографийн кабинет, 1975 онд анхны Цөмийн онош зүйн лаборатори, 1982 онд Цөмийн онош зүйн тасаг байгуулж, 1983 онд анхны Эхографийн, 1986 онд анхны Компьютерт томографи, 2007 онд анхны Соронзон резонанст томографийн шинжилгээнүүдийг хийж эхэлсэн түүхтэй. Өнөөдөр Монгол улсын Радиологийн салбар Үндэсний мэргэжилтэн, хүний нөөцийн чадамж, түвшин, тоног төхөөрөмжийн хангамж, эрдэм судлалын ажлын чанар, түвшингээрээ Ази Номхон далайн бүсийн орнуудын дундаж түвшинд хүрсэн төдийгүй, цаашид урагшлан хөгжих хүч, нөөц, эрч хүч, тэмүүлэл бидэнд байна. Энэхүү хөгжлийн түлхүүр нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд манай залуу эмч, эрдэмтдийн багш нараасаа сурсан эрдэм, дэлхийн хөгжил рүү тэмүүлсэн их хөдөлмөрийн үр шим юм.
Монголын Радиологийн салбар үүсч хөгжсөн хугацаанд манай салбараас Анагаах ухааны доктор 30, Анагаах ухааны магистр 40 төрөн гарч, гадаадын өндөр хөгжилтэй орны их сургуулиудад 20 гаруй эмч докторын зэрэг хамгаалж, дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд Монголын Радиологич эмч нарын олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэн гарсаар байна. Өнөөдөр Радиологийн чиглэлээр манай 10 гаруй эмч гадаадын өндөр хөгжилтэй орнуудад Докторантурт суралцаж байна. Бидний залуу үе болохоор бэлтгэгдэж байгаа АШУҮИС-ийн АУС-ийн Дүрслэл оношилгооны тэнхмийн дэргэдэх Радиологи сонирхогч оюутнуудын “MARS” клуб сүүлийн 15 жил маш идэвхитэй ажиллаж, Их, дээд сургуулиудийн дунд “Discovery” эрдэм шинжилгээний хурлаа тогтмол зохион байгуулж байна.
Монгол улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч Дүрслэл оношилгооны салбарыг цаашид улам хөгжүүлэн, олон улсын түвшинд хүргэх технологи, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлд Монголын Радиологийн Нийгэмлэг, АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхим хамтран их зүйлийг хийж, бүтээх болно.
Монгол улсад Рентген-Радиологийн салбар үүсч, хөгжиж ирсэн 90 шахам жилийн хугацаанд төр засгаас ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө тавьж байсан анхаарал халамжийн үрээр Радиологийн салбар зохих түвшинд бэхжиж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдан, оношилгоо-эмчилгээний чанар дээшилсээр ирсэн билээ.
Манай улсын анхны Рентген кабинетыг 1934 онд Улсын Төв больницод (одоогийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг) нээж, эмч, лаборант нараар нь В.С.Соколов, П.С.Омельчинко, Нодагт тэргүүтэй ЗХУ-аас уригдаж ирсэн мэргэжилтнүүд ажиллаж байв. Тэд “Буревестник” хэмээх ЗХУ-д үйлдвэрлэсэн хүчин чадал бага, цацрагийн хамгаалалт муутай аппаратаар цээж, ходоод, улаан хоолой харах, толгой, үе мөчний зураг авах зэрэг цөөн тооны рентген шинжилгээг хийж эхэлсэн нь Монголын анагаах ухааны түүхэнд рентген туяаг ашиглан Рентген оношилгоо хийж эхэлсэн анхны алхам болсон.
1935 оны 11 сард БНМАУ-ын Ардын Эрүүлийг Хамгаалахын 10 жилийн ойн баярт хүндэт зочноор уригдаж оролцсон В.И.Лениний дотны нөхөр, хамтран зүтгэгч, ЗХУ-ын Эрүүлийг хамгаалахын Ардын Комиссиратын дарга Н.А.Семашко хоёр дахь рентген аппарат бэлэглэснийг мөн Улсын Төв эмнэлэгт суурилуулсан байна. “Ардын үндэсний эрх” сонинд (1935 оны № 323 дугаар) бичсэнээр: В.И.Лениний дотны нөхөр Н.А.Семашко БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалахын 10 жилийн ойг тохиолдуулан 1935 оны 11 сард төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж хүндэт зочноор ирж, Эрүүлийг хамгаалахын нийгмийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж өвчтөнийг зөөх зөөлөн ор бүхий санитарын шилэн тэрэг 2, хөнгөн маягийн нисэх онгоц 1, хамгийн сүүлийн үеийн боловсролоор бүтээсэн, хүний дотоод цогцсыг нэвтлэн үзэгч “Рентген” хэмээх гэрлийн аппарат тус тус бэлэг болгон өгч байжээ. 1939 оны Халх голын дайны ид үед Цэргийн эмнэлэгт анхны гэрлийн (рентген) кабинет нээгдэн ажиллаж олон зуун өвчтөн, шархтаныг гэрэлд харах үүргийг гүйцэтгэж байв. Тэр үед гэрлийн эмчээр Зөвлөлтийн мэргэжилтэн П.С.Омельченко, С.А.Рябов нар ажиллаж байлаа. Үүний дараа Ардын Эмнэлэг, Дотоод Яам, Баян-түмэн, Ховд, Улиастай зэрэг хот хөдөөгийн эмнэлгүүдэд рентген оношийн кабинетууд дараалан байгуулагдаж тэдгээрт Зөвлөлтийн эмч нар ажиллаж байв.
1959-1960 онуудад бүх аймаг, хотын нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн больниц, диспансеруудад, 1962 оноос сум дундын эмнэлгүүдэд рентген оношийн ба флюорографийн кабинет, тасгууд байгуулагдсан байна. Ийнхүү рентген, флюорографийн аппарат олширсон учир 1959 онд ЭМЯ-ны дэргэд Рентген техникийн засварын тасаг нээгдэж, удалгүй эмнэлгийн техникийн засвар угсралтын газар болон өргөжсөн нь Эмнэлгийн Техник Компанийн үндэс суурь нь болсон байна. 1955 онд цацраг идэвхит “Ради 226” изотопыг анх эмчилгээнд хэрэглэсэн ба 1959 онд Улсын Төв Эмнэлгийн дэргэд анхны туяа эмчилгээний Рентген аппаратыг суурилуулснаар Монгол улсад туяа эмчилгээний түүх эхэлсэн. 1957 онд ЗХУ-ын Москва хотын Рентген-Радиологийн ЭШ-ний Институтэд курс хийж ирсэн Ө.Норовсамбуу эмч анхны 12 ортой цацраг Туяаны эмчилгээний кабинетийг байгуулсан. Эндээс салбарлан 1961 онд Улсын цацраг туяаны эмнэлэг байгуулагдсан .
1964 онд Шастины 3-р Төв эмнэлэгт “РУМ-5” аппаратыг ашиглан С.Загдаа, Р.Пүрэв нар ЗХУ-ын эрдэмтэн Б.П.Бураковский-тэй хамтран Зүрх сэтгүүрдэх анхны шинжилгээг хийсэн ба улмаар 1969 онд Швед улсын Ангиографийн аппарат тавигдсанаар Ангиографийн хөгжлийн түүх эхэлсэн.
1975 оны 3 сарын 31-нд Улсын Клиникийн Төв Эмнэлгийн дэргэд Лейпцигийн Анагаах Ухааны Их Сургуулийн Рентген-радиологийн факультетийг төгсөж ирсэн радиологч эмч П.Онхуудайн зүтгэл санаачлагаар анхны Цөмийн Онош зүйн лабораторийг нээн ажиллуулж, иод 131 изотопоор бамбай булчирхайн үйл ажиллагааг шинжилж эхэлсэн ба бөөрний нефрографи, бамбай булчирхай, элэг, бөөрний йод хүлээн авалт, сийвэнгийн идэвхжил, бамбай булчирхай, элэг, бөөрний сцинтиграфи зэрэг 6 нэр төрлийн шинжилгээг Иод-131, Алт-198, Мөнгөн ус-203 изотопуудаар хийж байлаа. Тус тасгийг ЭХЯ-ны Сайдын 1982 оны 11 сарын 24 -ны 200 тоот тушаалаар Цөмийн онош зүйн тасаг болгон өргөтгөсөн юм. 1982 онд ДЭМБ, ОУАЭА-ын шугамаар цөмийн оношилгооны өндөр чадвартай, Гаммакамер, радиоиммунологийн аппаратууд, 1990-1995 оны төслийн хугацаанд 89 000 долларын багаж, изотопыг авч, 1992 онд цөмийн онош зүйд компьютерийн болон SPECT -ийн оношилгоог нэвтрүүлсэн явдал нь оношилгоог өндөр түвшинд явуулах боломжийг бүрдүүлсэн. Цацраг идэвхт изотоп, ионжуулагч цацрагийн үүсгүүрүүдийг хэрэглэх болсонтой уялдаж, түүнтэй харьцах бүхий л процесст эрүүл ахуй дозиметрийн хяналт тавих зорилгоор 1976 онд Цацрагийн хяналтын төв лаборатори байгуулагдсан юм.
1983 онд АУДэС-ийн генетикийн багш М.Отгоны санаачлага, чармайлт, ДЭМБ-ын тусламжаар анхны 2 хэмжээст Эхографийн аппарат (Aloka-SSD 202) Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимд ирсэн бөгөөд 1983 оны 11 сараас хэвлийн хөндийн зарим эрхтний эмгэгийг оношилж эхэлсэн. 1986 онд АУДэС-ийн мэс заслын багш С.Сонин Москвагийн Анагаах Ухааны 1-р Институтийн Эхо оношилгооны тасагт, дараа нь Берлины Шаритегийн эмнэлгийн Радиологийн тасагт тус тус суралцаж, анхны Эхоны эмчийн мэргэжил эзэмшсэн байна. Ингээд 1987 онд Анхны Эхографийн эмч нарын сургалтыг доктор С.Сонин удирдаж хийсэн ба улмаар 1990 онд Улсын Клиникийн Төв Эмнэлэгт анхны Хэт авиан оношилгооны тасаг байгуулагдсан.
1986 онд Шастины 3-р Төв Эмнэлэгт анхны Компьютерт Томографийн аппарат (CT-W4/10B, Hitachi, Japan), 2007 онд Улсын Клиникийн Төв Эмнэлэгт анхны Соронзон Резонанст Томографийн аппарат (Magnetom CI, 0,35T, Siemens) ажиллаж эхэлсэн. 1986 онд Монгол улсын төрийн соёрхолт Р.Пүрэв, инженер А.Сайнжаргалын хамт Японы Хитачи фирмийн сургалтын төвд CT-W4/10B маркын Компьютерт Томографийн аппарат дээр оношилгоо хийх анхны 1 сарын сургалтанд суусан байна.
1991 онд АУИС-ийг дүүргэж, төрөлх сургуулийнхаа Дотрын 2-р тэнхимд (Эрхлэгч нь Академич Б.Цэрэндаш, рентгений багш Б.Бүргэд-Очир байв) рентгений багшаар үлдэн, ажилласан залуу эмч Д.Гончигсүрэнгийн зүтгэл, санаачилгаар 1995 онд Монголын Рентген-Радиологичдын Нийгэмлэг байгуулагдсан түүхтэй. Нийгэмлэг байгуулах анхны хурлыг 1995 онд тэнхимийн сургалтын бааз эмнэлэг болох Улсын Клиникийн Төв Эмнэлгийн 5 давхрын хурлын танхимд хийсэн ба хуралд манай ахмад эмч, багш нар Р.Пүрэв, Н.Дорж, Т.Пүрэвжав, Д.Гомбодорж, Ц.Бадамсэд болон томоохон эмнэлгийн рентгений эмч, инженерүүд (инженер Б.Энхжаргал) маш идэвхитэй оролцож, нийгэмлэг байгуулах санаачлагыг халуунаар дэмжиж, тэргүүнээр нь АУИС-ийн багш Д.Гончигсүрэнг сонгосон байна.
Монголын Радиологийн Нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар Лааганы Жаргалсайхан (1995-1999), Алтангэрэлийн Солонго (1999-2006), Ц.Эрдэмбилэг, Г.Очхүү нар амжилттай ажиллаж байв. Одоо Б.Эрдэнэбулган (ерөнхий нарийн бичгийн дарга), Л.Оюунболд, Б.Баярбаатар, Х.Тунгалагтамир нар ажиллаж байна. Манай нийгэмлэгийн сургалт-Эрдэм шинжилгээ хариуцан ажиллаж байсан Ц.Эрдэмбилэг маань Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЭМ-ийн сайдын зөвлөх зэрэг өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Монголын Радиологийн Нийгэмлэгийн Анхдугаар уулзалт, семинарыг 1996 оны 9-р сарын 26-28-нд амжилттай зохион байгуулсан ба уг семинарт манай бүх аймаг, хотын радиологич эмч нараас гадна, Японы профессор Shigeru Furui (Teikyo University), Тsutomu Sакаmoto, N.Iwasaki, T.Kaminaga, N.Мiаuchi нарын таван радиологич оролцож илтгэл тавьсан нь манай нийгэмлэгийн гадаад харилцааны эхлэл болсон юм. Үүнээс хойш дүрс оношилгооны эмч нарын үндэсний ба олон улсын чуулган, сургалт семинарыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.
Өнөөдөр Монголын Радиологийн Нийгэмлэг 21 салбар нийгэмлэгтэй болж өргөжин, Радиологийн эмч нарын мэргэжлийн зэргийн шалгалт болон Резидентын төгсөлтийн дараахи шалгалтыг бие даан авч, эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх бүх сургалтанд манай эрдэмтэн багш нар манлайлан оролцож байна. Манай салбар нийгэмлэгийн нэг болох Монголын радиологийн технологичдын нийгэмлэгийн үйл ажиллагаа өргөжиж, Дүрс оношилгооны тоног төхөөрөмжийн тоо, хангамж нэмэгдэж байгаатай холбоотой Радиологийн технологичдын хэрэгцээ, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлага улам нэмэгдэж байна.
1995 оны 05 сарын 31-нд Монголын Рентген-Радиологичдын Нийгэмлэгийн албан ёсны “Дүрслэл оношлогоо” сэтгүүлийг Монгол улсын Хууль зүйн яаманд бүртгүүлж, №101 тоот гэрчилгээг авснаас хойш тус сэтгүүл өнөөдрийг хүртэл хэвлэгдэн гарсаар байна. 2015 онд тус сэтгүүлийн нэрийг “Радиологи” болгон шинэчлэсэн. Монголын Радиологийн Нийгэмлэгийн албан ёсны “Радиологи” сэтгүүлд хэвлэгдэж буй эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад материалын чанар чансаа улам сайжирч, цаашдаа гадаадын мэргэжлийн сэтгүүлийн түвшинд хүргэхээр сэтгүүлийн зөвлөлийн хамт олон маань шаргуу ажиллаж байна.
1934-1953 онуудад тус салбарт Зөвлөлтийн эмч нар тухайлбал В.С.Соколов, П.С.Омельчинко, Нодагт, С.А.Рябов нарын зэрэг мэргэжилтнүүд уригдан ирж ажиллаж байв. 1953 онд Госпиталийн гэрлийн эмчээр ажиллаж байсан А.А. Макаровыг дагалдан их эмч Н. Дорж, Улсын Төв Эмнэлэгт Т. Суворова, Н.И. Лебедева нарыг дагалдан их эмч З. Дугар (1950-1954 онд ЭХЯ -ны сайдаар ажилласан), хүний гавьяат эмч Ш.Даш нар рентгений эмчийн мэргэжил эзэмшсэн нь манай үндэсний анхны мэргэжилтнүүд байсан юм. Рентген-радиологийн албаны үндэс суурь тавигдаж эхэлж байсан тухайн үед манай оронд сургалтын бааз суурь, үндэсний боловсон хүчин хүрэлцээгүй байснаас үүдэн 1955-1960 оны хооронд 10 гаруй рентген оношийн эмч, 1 туяа эмчилгээний эмчийг ЗХУ-д бэлтгэжээ. Ингээд 1955 онд 4 эмч (З.Дугар, Б.Намжил, Л.Пэрэнлэй, Ш.Даш), 1956 онд Р.Пүрэв, Рэнцэндорж, Ядамсүрэн (Завхан аймаг), 1957 онд Г.Гомбодорж, Довдон (сүрьеэгийн), Ө.Норовсамбуу (туяа эмчилгээ) нарын эмч нарыг сургаж, бэлтгэжээ. 1956-1957 онд рентгений эмч нараас гадна хэд хэдэн рентген техникч, инженерүүдийг ЗХУ-д бэлтгэсэн байна. 1962-1964 онд Т.Пүрэвжав, Г.Ичинхорлоо нарыг ЗХУ-д Клиникийн Ординатурт сургаж рентген оношилгооны мэргэжилтэн бэлтгэсэн. Улсын Төв Эмнэлгийг түшиглэн 1958 онд Н.И.Лебедева, Москва хотын Рентген радиологийн хүрээлэнд 1 жил суралцаж ирсэн Р.Пүрэв нарын удирдлагаар Рентген оношийн эмчийн мэргэжил олгох анхны 3 сарын курсыг зохион байгуулснаас хойш даруй 28 удаагийн мэргэжил олгох ба дээшлүүлэх курсээр 260 гаруй рентген-радиологийн эмчийг бэлтгэсэн нь тус алба үндэсний боловсон хүчнээр бэхжих үндэс суурь болсон юм. Ийнхүү Монгол улсад Рентген-Радиологийн бие даасан алба үүсч хөгжин, үндэсний боловсон хүчнээр бэхжихэд дорвитой хувь нэмэр оруулсан эмч, эрдэмтэн багш нарын тоонд З.Дугар, Н.Дорж, Ш.Даш, Р.Пүрэв, Т.Пүрэвжав, Г.Ичинхорлоо, Ө.Норовсамбуу, Д.Гомбодорж, Б.Намжил, Д.Дамдин, О.Нарьяахүү, П.Онхуудай, Б.Бүргэд-Очир, С.Сонин, Б.Оюун, Р.Асай, Ц.Бадамсэд, З.Лхагвасүрэн, М.Шагдарсүрэн, Л.Чулуунбат, Г.Одонтуяа нар зүй ёсоор орох юм.
1991 оныг хүртэл АУДэС-ийн оюутны сургалтын хөтөлбөрт Дүрслэл оношилгооны салбараас зөвхөн Рентген оношилгооны хичээл ордог байсан ба АУДэС-ийн Рентген-радиологийн сургалтыг боловсронгуй болгох, сургалтын программ боловсруулахад манай ахмад багш, доцент Г.Ичинхорлоо, Б.Бүргэд-Очир нартай хамтран Зөвлөлтийн нөхөд, зөвлөх багш Г.Л.Романенко, Б.А.Бузанов нар мөр зэрэгцэн ажиллаж байсан. 1991 онд АУИС-ийн Дотрын 2-р тэнхимийн Рентген-радиологийн хичээлийг багш Б.Бүргэд-Очир, Д.Гончигсүрэн, Я.Ганбаяр нар зааж байв. 1992 онд АУИС дээр анхны Дүрслэл Оношилгооны тэнхим байгуулагдсанаар оюутны болон дүрс оношилгооны чиглэлээр суралцах эмч нарын сургалтын агуулга өргөжин тэлж, сургалтын хөтөлбөр, чанарт үсрэнгүй дэвшил гарсан. Улмаар Дүрслэл оношилгооны мэргэжил эзэмших Резидентийн болон мэргэжил дээшлүүлэх бүх сургалтыг тус тэнхим удирдан зохион байгуулж байна.
1992 оны 9-р сард Дотрын Анагаах Ухааны Хүрээлэн байгуулагдаж АУИС-ийн ректор Г.Жамбын тушаалаар Параклиникийн салбарыг үүсгэн байгуулж Рентген, Хэт авиа, Цөмийн онош зүй, Дурангийн оношилгоог багтаасан Дүрс оношилгооны тэнхим байгуулагдаж, анхны тэнхимийн эрхлэгчээр нь Профессор П.Онхуудай, багш нараар доктор Т.Пүрэвжав, С.Сонин, багш Б.Бүргэд-Очир, Д.Гончигсүрэн, Г.Наран, В.Маслов, Д.Энхбаяр, Р.Онон нар ажиллаж байв. 1942-1991 оныг хүртэл АУДэС-ийн оюутны хичээлийн программд зөвхөн рентген оношилгооны хичээл ордог байсан бол 1992 оноос рентген, хэт авиа, цөмийн онош зүй, эндоскопи, туяа эмчилгээний салбарын үндсэн ойлголтуудыг багтаасан “Дүрслэл оношилгоо”-ны хичээл оюутны сургалтын хөтөлбөрт орсон явдал нь орчин үеийн анагаах ухааны өнөөгийн шаардлагад нийцсэн томоохон дэвшил болсон.
Манай оронд Рентген-радиологийн эмчийг 3, 6, 10 сарын курсээр бэлтгэн, мэргэжлийн үнэмлэх олгодог байсан хуучин тогтолцоо 1997 оноос өөрчлөгдөж, Дүрслэл оношилгооны үндсэн ойлголтуудыг хөтөлбөртөө багтаасан 2 жилийн Резидентурын сургалт дүүргэж байж Мэргэжил эзэмшсэн диплом авах шинэ системд шилжсэн. Түүний дараа тодорхой сэдвээр эрдэм судлалын ажил хийж, Магистрын 2 жилийн дамжааг дүүргэн Магистрын зэрэг хамгаалах бололцоо бүрдлээ. Резидентур, магистрантурийн сургалт нь Анагаахын суурь ШУ, компьютер, англи хэлний зохих мэдлэг эзэмшиж, дүрслэл оношилгооны гол салбаруудыг тодорхой түвшинд эзэмшин өөрийн мэрэгжих чиглэлээрээ тезис бичин, түүнийгээ хамгаалж төгсдөгөөрөө өнөөгийн боловсон хүчинд тавигдах шаардлага, хэрэгцээг хангасан, давуутай сургалт гэдгээ харуулж байна. 1990-ээд оныг хүртэл гадаад орнуудаас захиалах мэргэжлийн ном, сэтгүүл хомс, улс орны эдийн засгийн хямралтай холбоотойгоор гадаад хэвлэлийн захиалга үндсэндээ зогсонги байсан бол өнөөдөр дижиталь, мэдээллийн технологийн шинэ эрин үе эхэлж, Дүрслэл оношилгооны дэлхийн хамгийн шилдэг ном, сэтгүүлүүдийг ашиглах, унших өргөн боломж нээгджээ. Бид 1995-2000 онуудад Америкийн Радиологийг дэмжих сангийн дэмжлэгээр “American Journal of Roentgenology”, “Radiology”, “Radiographics”, “Diagnostic Imaging-Asia Pacific”, “Nippon Acta Radiologica” зэрэг сэтгүүлүүдийг тогтмол захиалан авдаг байлаа. 1995 онд Монголын Радиологийн Нийгэмлэг үүсгэн байгуулагдаж, улирал тутмын “Дүрслэл оношлогоо” сэтгүүл гаргах болсон нь Радиологич эмч нарыг мэргэжлийн сургалт арга зүйгээр хангах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх нөхцөл боломжоор хангаж өгсөн билээ. 2015 онд тус сэтгүүлийн нэрийг “Радиологи” болгон шинэчлэсэн. Өнөөдөр Монгол улсын Радиологийн салбарт зөвлөх зэргийн эмч 17, тэргүүлэх зэргийн эмч 35, ахлах зэргийн эмч 82, нийт 690 гаруй эмч ажиллаж байна.
Манай Рентген-Радиологийн ахмад эмч нараас Т.Пүрэвжав (1976) “Архаг остеомиелит өвчний клиник-рентген шинжүүд”, П.Онхуудай (Berlin,1980) “Элэгний өмөн, архаг өвчнүүдийг ялган оношилоход элэгний сцинтиграфийн боломж, түүний хүрээ”, Б.Оюун (1985) ” Гэмтлийн дараахи арахнойдит өвчний клиник-рентген оношлогоо”, С.Сонин (1990) “Элэгний уйланхайт өвчний эхографийн оношлогоо”, З.Норсмаа (1991) “Умайн хүзүүний II, III үеийн өмөнтэй өвчтөнд хийсэн туяа эмчилгээний үр дүн”, Д.Гончигсүрэн (1998) ” Рентген ба Компьютерт томографийн аргаар уушгины өмөнг оношилох асуудалд”, Ц.Бадамсэд (1999) “Зүрхний таславчийн дан ба хавсарсан цоорхой гажгийн рентген оношлогоо”, Д.Баярмаа (Томск, 2000) “ Уушгины жижиг эст өмөнгийн гамма-нейтрон хосолсон туяа эмчилгээ”, М.Шагдарсүрэн (2001) “Элэгний анхдагч өмөнгийн судас бөглөх эмчилгээ” сэдвүүдээр Анагаах Ухааны Докторын зэрэг, П.Онхуудай (German, 1991) “Элэгний архаг өвчнүүдийг дүрслэл оношлогооны аргаар оношилох боломж, хязгаар” бүтээлээрээ Анагаахын Шинжлэх Ухааны Докторын зэрэг амжилттай хамгаалсан. Монголын Радиологийн салбар үүсч хөгжсөн хугацаанд манай салбараас Анагаахын ШУ-ны ухааны доктор 1, Анагаах ухааны доктор 33 (PhD), Анагаах ухааны магистр 40 (MS) төрөн гарч, гадаадын өндөр хөгжилтэй орны их сургуулиудад 20 гаруй эмч докторын зэрэг хамгаалж, дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд Монголын Радиологич эмч нарын олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэн гарсаар байна. Өнөөдөр Радиологийн чиглэлээр манай 10 гаруй эмч гадаадын өндөр хөгжилтэй орнуудад Докторантурт суралцаж, Монголын олон Радиологич эмч гадаадын их сургууль, эмнэлгүүдэд ажиллаж байна.Рентген-радиологийн мэргэжлийн эмч нар, эрдэм шинжилгээний ажилтан болон Анагаах Ухааны Сургууль, АУ-ны Коллежийн оюутнуудад зориулж Р.Пүрэв “Уушгины бэтэг” (1965), “Зүрхний гажгийн клиник-рентген онош зүй” (1985, Ц.Бундангийн хамт), Т.Пүрэвжав “ Рентген туяа ба Анагаах ухаан “ (1966), “Рентген радиологийн онош зүйн үндэс” сурах бичиг (1985, П.Онхуудайн хамт), “Хүн амд үзүүлэх рентген радиологийн тусламж” (1989, П.Онхуудай, Р.Асай нарын хамт), П.Онхуудай “Элэг цөсний өвчний багажит оношлогоо” (1979, Б.Гоош, Л.Жигжидсүрэн нарын хамт), “Элэг судлалын чухал асуудлууд” (1989, Б.Цэрэндаштай), “Дүрслэл оношлогоо” (1993), “Рентгенологи Радиологи” (2002, Д.Гончигсүрэнтэй хамтарч) сурах бичиг, “Цөмийн Анагаах Ухаан” (2003) ном, Г.Ичинхорлоо, Б.Бүргэд-Очир, Б.А.Бузанов нар “Рентгенодиагностика в стоматологии” (1989), Д.Гончигсүрэн “Радиологийн оношлогооны зарим асуудал” (1996, Т.Пүрэвжав, М.Шагдарсүрэн нарын хамт), М.Шагдарсүрэн “Судсан Зураглалын Атлас” (2003), “Элэгний хорт хавдрын судас бөглөх эмчилгээ” (2003) зэрэг дорвитой ном, сурах бичгийг туурвисан байна. Сүүлийн 10 жилд Радиологийн салбарт олон дорвитой бүтээлүүд гарсны дотор профессор Ц.Бадамсэд нарын 11 цуврал бүтээлүүд (2010-2021), З.Лхагвасүрэн нарын “Зүрхний титэм судас, судсан дотуурхи мэс заслын эмчилгээ”, “Бөөрний ангиографийн оношилгоо, судсан дотуурх эмчилгээ” (2020) зэрэг номыг дурьдаж болно.
Сүүлийн 15 жилд манай радиологич эмч нар Интервеншналь радиологийн салбарт өндөр амжилт гаргаж байгаа нь бахархууштай юм. Доктор З.Лхагвасүрэн, Б.Эрдэнэбулган, Р.Ганбаатар, Р.Болдбат, Н.Баатаржан, Н.Юмчинсэрчин, П.Бат-Ирээдүй нар зүрхний титэм судас болон тархины судасны оношилгоо-эмчилгээ, элэг ба цуллаг эрхтний хавдрын тэжээгч судсыг сонгомлоор бөглөх, уушгинаас нарийн зүүгээр биопси авах, бөөр ба мөчдийн судасны нарийслийг баллоноор тэлэх, нойр булчирхайн хурц үрэвслийн үед артерийн судсыг нь сонгомлоор сэтгүүрдэж, эмийн эмчилгээ хийх зэрэг олон оношилгоо-эмчилгээний аргуудыг клиникийн практикт нэвтрүүлэн эдгээр чиглэлээр олон тооны эрдэм судлалын ажил хийж байна. 2021 оноос Монгол улсын Эрүүл мэндийн салбарт С.Эрдэнэчимэгийн удирдсан хамт олон PET CT оношлгооны аргыг амжилттай нутагшууллаа. Манай Дүрслэл оношилгооны салбарын олон залуу эмч нар дэлхийд нэрд гарсан гадаадын их сургуулиудад магистрын болон докторын зэрэг хамгаалж, дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн, редакцийн зөвлөлд нь ажиллаж, Ази Номхон Далай болон дэлхий, олон улсын хурлуудад илтгэл тавьж, гадаадын мэргэжил нэг нөхдүүдтэйгээ Олон улсын судалгааны төслүүд дээр хамтран ажиллаж, бид бүхэн шинэ цагийн Монголын Дүрслэл оношилгоог дэлхийн энтэй авч явах боломж бүрдлээ.
Манай улсын анагаах ухааны салбарт 1934 оноос Оросын “Буревестник” рентген аппарат, 1950 оноос АРД-110, УРД-2, 1955 оноос РУМ-4, 1960 оноос томографи, кимографаар тоноглогдож боловсронгуй болсон РУМ-20, Германы ТУР-150, 1970 оноос Оросын РУМ-10, РУМ-20, Унгарын Неодиагномакс, Германы ТУР-1000, Чехословак улсын Дурамета, Хиродур, 1969 оны 4 сараас Швед улсын “Елема “ангиографийн иж бүрдэл аппарат, 1980 оноос суурин ба нүүдлийн өргөн кадрт флюрографийн аппаратуудыг өргөн ашиглах болсон. Манай улс 1986 онд Японы Hitachi фирмийн ангиографийн иж бүрдэл аппарат, 1986, 1990, 2000, 2001 онуудад Компьютерт Томографийн аппарат, 1991 онд Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 12 ширхэг телевизийн системт Medix-130 аппаратуудыг аймаг, хотын нэгдсэн эмнэлгүүдэд суурилуулан, Бүсийн оношилгооны 3 том төвийг Дорнод, Өвөрхангай, Ховд аймгуудад байгуулсан нь Рентген оношилгооны хувьд урагш ахисан томоохон алхам болсон. Түүнчлэн 2003 онд Австралийн “Rotary Club”, АНУ-ын “Swanson Family Foundation”-ийн тусламжаар 3 ширхэг Ангиографийн бүрдэл аппаратыг Клиникийн 1, 3-р эмнэлгүүд болон ХСҮТ-д суурилуулж байсан. 2013 оноос бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор 16 зүслэгт Компьютерт Томографи, 3 хэмжээст эхо аппарат, алсын удирдлагат рентген аппаратаар иж бүрэн хангасан. Өнөөдөр Монгол улсын Радиологийн салбарт өндөр хүчин чадалтай олон зүслэгт Компьютерт Томографи 35, Соронзон Резонанст Томографи 22, Дижиталь Ангиографи (DSA) 15, туяа эмчилгээний 3 хэмжээст Шугаман хурдасгуур 2, Cyclotron 1, PET CT 2 тус тус ажиллаж байна. Монгол улсын Эрүүл мэндийн салбарт ашиглаж буй 64, 128 зүслэгт Компьютерт томографи, 1,5 болон 3T Соронзон резонанст томографи, 2 рентген хоолой бүхий ангиографи, PET/CT, Циклотрон болон туяа эмчилгээний 3 хэмжээст Шугаман хурдасгуур зэрэг дэлхийн түвшний хамгийн орчин үеийн оношилгоо-эмчилгээний тоног төхөөрөмжүүд дээр манай Радиологийн эмч, Технологчид мөр зэрэгцэн ажиллаж, эмнэлзүйн болон эрдэм шинжилгээний ажлаа өндөр түвшинд хийж байна.