Энэ удаагийн хурлыг "Digital transformation" буюу "Дижитал шилжилт" уриан дор техник, технологийн дэвшил "MCR 2019" тусгай аппликейшин ашиглан, дижитал хэлбэрээр зохион байгуулж, Эрүүл мэндийн салбарт хурал зохион байгуулах цоо шинэ урсгал, соёлыг харуулж чадсанаараа онцлог юм.

Хурлын еренхий зохион байгуулагчаар Монголын Радиологийн Нийгэмлэг, ЭМЯ, "Мэндми эвент" болон "Хэйлт Маркетинг Сервис" компаниуд хамтран ажилласан ба Ерөнхий ивээн тэтгэгчээр ЭМЯ-ны Цахим эрүүл мэнд төсөл,Шинжюкү, Майндрэ, МэндМи компаниуд оролцож, Ази Фарм, Bayer, Арима медикал, Монсан медикал сервис компани, Бриллиант Эмнэлэг, МедТравма эмнэлэг, Си Ай Ти, Мед Импекс компани, Unison Health Group, Апполо мед, Энкоре веритас, Санчир ундрах, Саммит медикал сервис, Талын хишиг майнинг, Ивээлт гүн зэрэг компаниуд ивээн тэтгэж, хамтран оролцлоо.

Монголын Радиологийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөний шийдвэрээр сонгогдсон, Монголын Радиологийн Нийгэмлэгийн 2019 оны Конгрессын Ерөнхийлөгч, Медтравма эмнэлгийн ерөнхий захирал, Монголын Яаралтай тусламжийн Радиологийн нийгэмлэгийн тэргүүн Д.Бархүү Үндэсний Чуулганыг удирдан явууллаа.

Эна удаагийн Үндэсний чуулганд манай улсын төв эмнэлгүүд болон нийслэлийн 9 дүүрэг, бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн Интермед, Грандмед, Сонгдо, Мөнгөн гүүр, Медтравма, Медипас, Люксмед эмнэлэг, Бриллианс клиник зэрэг дүрс оношилгооны томоохон төв бүхий эмнэлгүүдийн нийт 450 гаруй Дүрс оношилгооны эмч, технологич, бусад мэргэжилтнүүд оролцон, дүрс оношилгооны орчин үеийн дэвшилтэт технологи, энэхүү чиглэлд хийгдэж буй Эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулж, эмнэлзүйн лекц, ховор сонирхолтой тохиолдлуудыг хэлэлцлээ.

Тус хуралд Япон улсаас Профессор Masafumi Harada, Takashi Abe, Takashi Matayoshi, Akira Furukawa, Hiroyuki Tajiri, Nobuyuki Takeyama зэрэг эрдэмтэд, БНХАУ-ын Профессор Pintong Huang, БНСУ-аас зөвлөх технологич Kim Keon-Chung, Буриадын Радиологийн Эмч нарын холбооны захирал Ханеев Владимир Борисович, Эрхүүгийн гэмтэл, мэс заслын төвийн доктор Селивёрстов Павел Владимирович зэрэг эрдэмтэн, профессорууд оролцож маш сонирхолтой, шинэлэг лекц, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, манай эмч нарын мэдлэг боловсролоо дээшлүүлэх, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад ихээхэн хувь нэмэр оруулсан үйл явдал болсон.

Үндсэний чуулганы нээлтэнд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд баяр хүргэж үг хэлэхдээ, "Digital Transformation" бол маш чухал шинэлэг, цаг үеэ олсон байгааг онцлон ЭМЯ бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэхүү хурлаар "Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал" гэж яригдаж байгаа өнөө үед Радиологийн салбарын хамт олон бэлэн үү, хэрхэн яаж бэлтгэх вэ, дижитал шилжилт гэж юуг хэлж байна, хиймэл оюун ухаан, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг хэрхэн дээшлүүлж чадавхижуулах, хэрхэн хоорондоо хамтарч нэгдэн энэ салбарыг урагшлуулах зэрэг олон асуудлыг ярилцсан Панель хэлэлцүүлэг зохион байгуулж, ЭМЯ, АШУҮИС, Монголын Радиологийн Нийгэмлэг, Цахим эрүүл мэнд төсөл, Технологийн стартап, энтерпренер, хувийн эмнэлгийн олон талт төлөөлөл цуглаж Радиологийн салбарын хөгжил дэвшилийн талаар сонирхолтой хэлбэрээр санал солилцсон.

Хэлэлцүүлэг хийсэн сэдвүүдээс дурьдвал:

  1. Хиймэл оюун ухаанаар хариу бичилт хэзээ хийгдэж эхлэх вэ?
  2. Хувийн эмнэлгийн замбараагүй, бодлогогүй тэлэлт
  3. Нийгмийн даатгалын хөнгөлөлтөд өндөр өртөгтэй шинжилгээ орох уу?
  4. Эмч мэргэжилтнүүдийн чадвар, мэргэших байдлыг хэрхэн сайжруулах, хэт олон чанаргүй анагаах ухааны сургууль үүсэж байгаа, ирээдүйд үзүүлэх хор нөлөө
  5. Өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн хэт олон төрөлжилт, засвар үйлчилгээний зардал, тоног төхөөрөмжийн хөөсрөлт зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар тус хуралд хэлэлцсэн юм.

Монголын Радиологийн нийгэмлэгийн Чуулганд дүрс оношилгооны технологич нар өргөн бүрэлдэхүүнтэй оролцож салбар хуралдаануудыг амжилттай зохион байгуулж, өөрсдийн мэдлэг чадвараа сайжруулах, харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж шийдвэрлэн, идэвхи санаачлагатай оролцлоо.

Хоёр өдөр үргэлжилсэн хуралд гадаадын олон эрдэмтэдээс гадна Монголын дүрс оношилгооны эмч, эрдэмтэн, профессорууд, залуу эмч нар өөрсдийн судалгааны ажлуудыг хэлэлцүүлж, 2019 оны шилдэг Эрдэм шинжилгээний бүтээлийн эзнээр ХСҮТ-ийн Радиологийн тасгийн эрхлэгч Б.Анхзаяа шалгарсан. Монголын Радиологийн салбарын 2019 оны "Шилдэг Радиологич Эмч" өргөмжлөлийг УНТЭ-ийн Радиологийн тасгийн эрхлэгч С.Энхболд, 2019 оны "Шилдэг Радиологийн Технологич" өргөмжлөлийг Мөнгөнгүүр эмнэлгийн дүрс оношилгооны технологич С.Өнөрболд нар хүртлээ.

2019 оны Монголын Радиологийн Нийгэмлэгийн "Хүндэт Гишүүн" өргөмжлөлийг Японы Tokushima University-н Профессор Masafumi Harada хүртлээ. Профессор Masafumi Harada нь Мэдрэлийн Радиологийн салбарын олон улсад нэр хүндтэй эрдэмтэн бөгөөд Japanese Society of the Magnetic Resonance in Medicine-n тэргүүнээр ажиллаж байсан. Профессор Masafumi Harada манай шилдэг залуу Радиологич эмч нар болох М.Мөнгөнхуяг (2015), Х.Дэлгэрдалай (2016), Г.Мөнгөнбагана (2017), Д.Энх-Амгалан (2019) нарын Анагаах ухааны докторын зэргийг удирдан хамгаалуулсан хүндэт багш юм.

Энэ удаагийн хурлын хамгийн онцлог нь ивээн тэтгэгч байгууллагууд нь Мэнд эвэнт Апликейшнээр дамжуулан, эмч мэргэжилтнүүдэд бүтэн 1 жилийн турш өөрийн бүтээгдэхүүнээ сурталчилах, тоног төхөөрөмжийн шинэчлэл, мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэх өргөн боломж нээсэн явдал байлаа.

24 дэх удаагийн Үндэсний Чуулганы үеэр Монголын Радиологийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Д.Гончигсүрэн МэндМН компаны үүсгэн байгуулагч, захирал Т.Адьяатөмөр нар цаашид хиймэл оюун ухаан, блокчэйн систем, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах, Мэндмн аппликейшн хөгжүүлэх, эмч нарын сургалт судалгаа зэрэг асуудлууд дээр хамтран ажиллах "Хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурлаа.