Мэндчилгээ

Монголын Радиологийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч,
Монгол улсын хүний гавьяат эмч, 
АУ-ны доктор, Профессор

Д.ГОНЧИГСҮРЭН

Монголын Радиологийн Нийгэмлэг 1995 онд байгуулагдсан ба өнөөдөр 22 салбар нийгэмлэгтэй болж өргөжин, Радиологийн эмч нарын эрдэм шинжилгээ, эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хурал зохион байгуулах, мэргэжлийн зэргийн болон резидентын төгсөлтийн шалгалт авах, эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх бүх сургалтанд манлайлан оролцож байна. 1995 онд нийгэмлэгийн албан ёсны “Дүрслэл оношлогоо” сэтгүүлийг бүртгүүлж, 2015 онд сэтгүүлийн нэрийг “Радиологи” болгон шинэчлэсэн ба жилд 4 дугаар тогтмол хэвлэгдэн гарч байна. Манай улсын анхны Рентген кабинетыг 1934 онд Улсын Төв больницод нээж, ЗХУ-аас уригдаж ирсэн мэргэжилтнүүд ажиллаж байв. Монгол улсад 1959 онд Туяа эмчилгээний анхны кабинет, 1969 онд Ангиографийн кабинет, 1975 онд анхны Цөмийн онош зүйн лаборатори, 1982 онд Цөмийн онош зүйн тасаг байгуулж, 1983 онд анхны Эхографи, 1986 онд анхны Компьютерт томографи, 2007 онд анхны Соронзон резонанст томографийн шинжилгээнүүдийг хийж эхэлсэн түүхтэй. Түүхийн богинохон хугацаанд бидний ахмад үе Рентген-Радиологи гэсэн тухайн үеийн хамгийн шинэ салбарыг улс орныхоо эрүүл мэндийн салбарын хөрсөнд суурьшуулах гэж нөр их хөдөлмөр, сэтгэлийн хүч гаргаж байсан нь үнэхээр бахархууштай юм. Багш нар маань Рентген-Радиологийн салбарыг өнөөдрийн түвшинд хүргэхийн тулд Дүрслэл оношилгооны бүх салбаруудыг эхнээс нь бүтээн бий болгож, өдий хүртэл хөгжүүлэн, бэхжүүлж, шавь нараа бэлтгэн сургаж, бүтээн туурвиж, улмаар үндэслэн бий болгосон салбарынхаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн гавьяатай юм. Одоо тус нийгэмлэг нь 850 гаруй Радиологийн нарийн мэргэжлийн эмч, технологичдыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын шилдэг нийгэмлэг болсон байна. Монголын Радиологийн салбар үүсч хөгжсөн хугацаанд манай салбараас Анагаах ухааны доктор 33, Анагаах ухааны магистр 40 төрөн гарч, гадаадын өндөр хөгжилтэй орны их сургуулиудад 20 гаруй эмч докторын зэрэг хамгаалж, дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд Монголын Радиологич эмч нарын олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэн гарсаар байна. Монголын Радиологийн Нийгэмлэг өнөөдөр Олон улсын Радиологийн Нийгэмлэг (2001), Европийн Радиологийн Нийгэмлэг (2011), Ази-Далайн орнуудын Радиологийн Нийгэмлэг (1998) ба Солонгос, Японы Радиологийн Нийгэмлэг, Америкийн Радиологийн Коллежитай эмнэлзүй, сургалт, Эрдэм шинжилгээ, судалгаа, Олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Бид Радиологийн салбарын эмч мэргэжилтнийхээ мэдлэг, чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, удирдан зохион байгуулах, салбарын гадаад харилцааг шинэ түвшинд гаргахаар сэтгэл, зорилго нэгдэн ажиллаж байна.

Д.ГОНЧИГСҮРЭН