Талархал

Цэрэндорж овогтой Бадамсэд нь 1953 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн нутаг "Их цагаан дэл" гэдэг газар төрсөн. 1961-1971 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1971-1977 онд Анагаах Ухааны Дээд Сургуульд хүний их эмч мэргэжлээр суралцаж төгссөн.
1977-1981 онд Дундговь аймгийн Өлзийт сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчээр, 1981-1991 онд тэр үеийн НАХЯ-ны эмнэлэгт Оношилгооны тасгийн эрхлэгчээр, 1991 оноос одоог хүртэл П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлгийн Рентген тасгийн эмч, тасгийн эрхлэгч, Оношилгооны төвийн дүрс оношилгооны зөвлөх эмчээр ба Анагаах Ухааны Хүрээлэнд академич, секторын эрхлэгчээр ажиллаж байна. 1980 онд Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох курс, 1983 онд Рентген оношилгооны мэргэжил олгох курс, 1985 онд Рентген оношилгооны мэргэжил дээшлүүлэх курс, 1989 онд Рентген оношилгооны мэргэжлээр нэг жилийн клиник ординатурын курс тус тус дүүргэсэн. 1991 онд Рентген оношилгоо мэргэжлээр ахлах эмчийн зэрэг, 1996, 2001, 2006 онуудад Дүрс оношилгоо мэргэжлээр тэргүүлэх эмчийн зэрэг, 2010 онд Дүрс оношилгоо мэргэжлээр зөвлөх эмчийн зэрэг тус тус хамгаалсан.
"Зүрхний таславчийн дан ба хавсарсан цоорхой гажгийн рентген оношлогоо" сэдвээр Анагаах ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, НАХЯ-ны тев эмнэлэг, ЭМЯ, Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн, ЭМШУС, АШУУИС, П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Ачтан клиникийн эмнэлэг, Хүрэл тогоотын эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд 682 илтгэл хэвлүүлж, заримыг нь тавьж хэлэлцүүлсэн. Монголын анагаах ухаан, Дүрслэл оношилгоо, Онош, Эрдмийн бичиг, Хавдар судлал, Монголын радиологийн нийгэмлэг, World Journal of Nuclear Medicine, Монголын мэдрэлийн мэс засалчдын бүтээлийн эмхэтгэл, Инновац, Эмгэг судлал, ЭМШУИС, Клиникийн лекц зэрэг сэтгүүлүүдэд 158 эрдэм шинжолгээний өгүүлэл, 100 лекц бичиж хэвлүүлсэн. Оношилгоо, судалгаа шинжилгээ, багшлах ажилдаа шинийг эрэлхийлж санаачилан нэвтрүүлж ажилласаны үр дунд Оюуны өмчийн газраас Монгол Улс зохиогчийн эрхийн гэрчилгээ-1, Монгол Улс шинэ бүтээлийн патент-2, Монгол Улс оновчтой саналын гэрчилгээ-9, Монгол Улс ашигтай загварын гэрчилгээ-15-г тус тус авсан. Анагаах ухааны докторын зэрэг горилж бичсэн 3, анагаах ухааны магистрийн зэрэг горилж бичсэн 5 судлаачийн ажлыг удирдан хамгаалуулсан ба анагаах ухааны докторын зэрэг горилж бичсэн 3, анагаах ухааны магистрийн зэрэг горилж бичсэн 3 судлаачийн ажилд албан ёсны шүүмж бичсэн. Анагаах ухааны магистрийн зэрэг горилж бичсэн 1 судлаачийн ажилд зөвлөхөөр ажилласан.
Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд тангараг өргөн мэдлэг, чадвар сэтгэл оюунаа зориулан хүчин зүтгэж эрүүл мэндийн болон боловсролын салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг хамт олон, төр засаг үнэлж Монгол улсын Ардын эмч цол хэмээх төрийн эрхэм хүндэт цолоор шагнууллаа.

shapeСэтгэгдэл үлдээх