“Монголын Радиологийн Үндэсний Чуулган-2023” 2023 оны 6-р сарын 16-17-ны өдрүүдэд Corporate hotel & Convention center-д зохион байгуулагдсан.
Энэ удаагийн Конгрессын үеэр БНСУлс болон Ази-Номхон далайн орнуудын Дүрс оношилгооны нийгэмлэгүүдтэй хамтарсан "KSR-MSR Friendship symposium", "AOSR-MSR conjoint session" зохион байгуулах гэж байгаагаараа онцлог байв.
1995 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж буй  уг чуулганд дүрс, оношилгооны салбарын эмч, технологич болон бусад мэргэжлийн эмч нараас гадна Ази, Номхон далайн радиологийн нийгэмлэг, ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, Казакстан зэрэг орноос олон улсын судлаач, эрдэмтэд зэрэг 1000 гаруй хүн  оролцож байгаа юм.

Үндэсний чуулганыг нээж Монголын радиологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Гончигсүрэн үг хэлсэн. Тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн хүндтэй хүмүүс болох дүрс оношилгооны салбарынханд амжилт хүсээд “Сүүлийн жилүүдэд энэ салбарт ажиллах боловсон хүчин залуужиж, шинэ эрин үе эхэлж байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр эмнэлгүүд дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий багаж тоног төхөөрөмжийг эмчилгээндээ нэвтрүүлээд байна” хэмээсэн.
Хуралд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн эмнэлгүүд, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд ажиллаж буй Дүрс оношилгооны эмч, технологич нараас гадна гадаадад суралцаж буй эмч нар эрдэм шинжилгээний нийт 130 гаруй илтгэлийн хураангуй ирүүлсэн.
Хуралд эрдэм шинжилгээ, сургалтын өгүүлэл, эмнэлзүйн ховор тохиолдол хэлэлцэхээс гадна Гэрэл зургийн уралдаан, Видео бичлэгийн уралдаан зохион байгуулагдсан.

Чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлсэн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас дүрс оношилгооны салбарт ихээхэн анхаарал хандуулж, 21 аймгийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж байна. Үүний нэг нь тоног төхөөрөмжийн шинэчлэл юм. 2021 онд улсын төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт зөвхөн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор 110 тэрбум төгрөгийг тавьсан бөгөөд үүний 50 гаруй хувийг дүрс оношилгооны салбарт зарцуулсан. Өнөөдрийн байдлаар зургаан аймагт ангиографийн аппарат, 21 аймагт компьютер томографийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Мөн дурангийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах ажлуудыг хийж байна” хэмээн дүрс оношлогооны салбарт ЭМЯ-наас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа.  

Энэ удаагийн чуулганд эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлуудыг танилцуулахын сацуу Ази, Номхон далайн радиологийн нийгэмлэг, Японы радиологийн коллежтэй хамтран “Зүрхний радиологийн оношилгоо”, БНСУ-ын радиологийн нийгэмлэгтэй хамтран “Хүүхдийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн дүрс оношилгоо” зэрэг олон салбар хуралдаан болж, БНСУ, Япон,  БНХАУ, ОХУ, Казакстан зэрэг найман орны эрдэмтэд  оролцож, илтгэл хэлэлцүүлэх юм.

Үндэсний чуулганы нээлтийн үеэр УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн эрхлэгч Б.Энхтуяаг Монголын радиологийн нийгэмлэгийн “Хүндэт гишүүн”-ээр өргөмжилж, ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан дүрс оношилгооны салбарын эмч мэргэжилтнүүдийн салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.