Талархал


Д.Дамдин нь хүүхдийн рентгений эмчээр дагнан мэргэшиж 50 гаруй жил хөдөлмөрлөхдөө зөвхөн рентген шинжилгээгээр түүний дотор төрөл бүрийн өвчнийг рентгенээр оношлох мэргэжлээр дагнан ажиллаж нийтдээ 600000 гаруй хүүдэд рентген шинжилгээний тусламжийг үр бүтээлтэй, алдаа доголдолгүй үзүүлж хүүхдийн анагаах ухааны салбарт рентген шинжилгээг дагнан явуулахад идэвхи зүтгэлтэй оролцон нарийн төвөгтэй, өвөрмөц барилтай болж, нарийн аргачлалыг боловсруулан амжилттай хэрэгжүүлж, хөгжүүлж үр дүнд хүрсэн байна.
Д.Дамдин эмч дээд, дунд сургуулийн оюутан сурагч, энэ мэргэжлээр ажиллах эмч нарийн мэргэжил дээшлүүлэх курст суралцагсдад хүүхдийн өвчний рентген оношилгооны чиглэлтэй сургалтыг сайн зохион байгуулж өөрийн шавь нарын хамт ажиллах хугацаандаа хуримтлуулсан ажлын баялаг туршлага дээрээ тулгуурлан онол практикийн илтгэл 10, мэргэжлийн зөвлөлгөө, өгүүлэл 50 гаруй, тэргүүн туршлага аргачлал 30 гаруйг боловсруулж, өөрийн ажилдаа нэвтрүүлэн ажиллаж мэргэжил нэгт эмч нар шавь нартаа өгч ажилд нь хэрэглүүлсэн байна. Олон жил баялаг туршлага хуримтлуулж үр бүтээлтэй ажиллаж 1998 онд “Хүүхдийн хоол боловсруулах эрхтний мэс заслын тулгамдсан асуудлыг хам шийдсэн нь” хамтын бүтээлээр Монгол улсын Төрийн шагнал хүртсэн байна.
1981 онд Эрүүлийг хамгаалахын яамны хүндэт жуух бичиг, 1982 онд байгууллагын аварга, 1984 онд эрүүлийг хамгаалахын яамны хүндэт самбарт зургийг нь тавьж алдаршуулж байжээ. Улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх VI, VII, VIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, 1985 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, 1986 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1998 онд Монгол улсын төрийн шагнал, 2004 онд Вансэмбэрүү шагнал, 2014 онд халамжлан хүмүүжүүлэгч медалиудаар урамшуулан шагнасан байна. 2023 онд хүн ардын тэр дундаа манай жаргалант ирээдүй хүүхэд багачуудын эрүүл энхийн үйлст доривтой амжилт гаргаж, үр дүнтэй ажиллаж байгаа алтан гартай эмчид төр засаг ажил хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль “Монгол Улсын Хүний Гавьяат эмч” цолоор шагнуулав.

 
shapeСэтгэгдэл үлдээх