Хүний гавьяат эмч Г. Одонтуяа нь 2017 оны 8-р сарын 3 нд Монголын Туяа Эмчилгээний Нийгэмлэгийг санаачлан үүсгэн байгуулж, тус нийгэмлэгийн тэргүүнээр 5 дахь жилдээ ажиллаж байна. Нийгэмлэг нь “Туяа эмчилгээг үр дүнтэй, аюулгүй ашиглахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэх, чадавхжуулах, сургалт семинар зохион байгуулах, эмнэл зүйн стандарт, удирдамж боловсруулах, судалгаа шинжилгээ ажил явуулах, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх” зорилготой. Монголын туяа эмчигээний нийгэмлэг (МТЭН) нь туяа эмчилгээний эмч, эмнэлгийн физик, дозиметерист, туяа эмчилгээний техникч, сувилагч нарыг оролцуулсан нийт 44 гишүүнтэй мэргэжлийн нийгэмлэг. МТЭН нь 2019 оны 11 сард Federation of Asian Organizations for Radiation Oncology (FARO) – Азийн туяа эмчилгээний нийгэмлэгүүдийн холбоонд гишүүнээр элсэж, Г. Одонтуяа эмч тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд FARO-н бүх үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцон, Азийн туяа эмчилгээний салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Ковидын цар тахлын үед МТЭН-ийн үйл ажиллагааг онлайн хэлбэрээр явуулж, 2020 онд Монголын туяа эмчилгээний тусламж үйлчилгээнд ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлж буй талаар “FARO webinar I “-д илтгэл тавьсан. “Монголын туяа эмчилгээний нийгэмлэг”-ийн тэргүүн, Туяа эмчилгээний зөвлөх их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Г.Одонтуяагийн Монголын анагаах ухаан, Туяа эмчилгээний салбарыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж Эрүүл мэндийн салбарын 100 жил, ХСҮТ-ийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Монгол Улсын Хүний Гавьяат Эмч” цол тэмдгээр шагнагдаж, Туяа эмчилгээний салбарын анхны Гавьяат эмч төрөн гарсанд салбарын нийт хамт олон, олон мянган шавь нарынх нь өмнөөс халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын эмнэлзүй, эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилтын дээдийг хүсье.