Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 15-ны өдрийн А/513 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг удирдлага болгов

Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ур чадварын хөгжлийг тодорхойлох, үнэлэх, дэмжин урамшуулахад оршино.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.20-д заасан эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн (цаашид “эмнэлгийн мэргэжилтэн” гэх)-д мэргэшлийн зэрэг олгох ба мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаанд үнэн бодитой, шударга, ил тод байх, харилцан итгэлцэх, хамтын оролцоонд суурилах зарчим баримтална.

Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулна.


Монголын радиологийн нийгэмлэг нь дүрс оношилгооны эмч, техникч нарын “ахлах”, “тэргүүлэх”, “зөвлөх” зэрэг горилох шалгалтыг дараах байдлаар авна. 
Дүрс оношилгооны эмч, техникч нарт мэргжлийн зэргийн шалгалтыг дараах ялгавраар явуулна. Үүнд: 

Зэргийн шалгалтыг 3 үе шаттай явуулна.

  1. Дүрс оношилгооны зэрэг горилох эмч, техникч нарын материал хүлээн авах 
  2. Дүрс оношилгооны нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурлаар зэрэг горилогч нарын материалыг хэлэлцэх 
  3. Зэрэг горилогчийн материал шаардлага хангасан тохиолдолд онолын болон гардан шалгалт авах 

Шалгалт авах журам: 

  1. Шалгалтыг онолын болон дадлага хэлбэрээр авна. Онолын шалгалтанд 85 ба түүнээс дээш амжилт үзүүлсэн тохиолдолд дадлага шалгалтанд орно. 
  2. Онолын шалгалтыг сорилоор, дадлага шалгалтыг гардан үйлдэл, практик, ярилцлага хэлбэрээр авна. Онолын шалгалтын сорилын 20 хувь нь хууль, эрх зүй, ёс зүйн асуулт байна.
  3. Онолын шалгалтыг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс тусгайлан бэлтгэгдсэн сорилоор авна. Дүрс оношилгооны нийгэмлэгийн хурлаар томилогдсон зэргийн шалгалтын комисс зарласан товын дадлага шалгалт авна. Дадлага шалгалт нь хэт авиан оношилгоо, рентген оношилгоо, компьютерт томографийн оношилгоо, соронзон резонанст томографийн оношилгоо, цөмийн онош зүй, дурангийн оношилгоо, ангиографийн шинжилгээний тохиолдолд суурилан явагдана.
  4. Зэрэг горилогч нь онолын болон дадлага шалгалтанд тус бүр 85 хувиас дээш үнэлэгдсэн нөхцөлд тэнцсэнд тооцно.
  5. Шалгалтын дүнгийн бодит байдлыг шалгалтын комисс хариуцна.

Лавлах утас: 9595-9279, 9898-4898